Creative Producing Lab сургалтын сонгон шалгаруулалтын удирдамж

Бүх урлагийн дотроос хамгийн нийлмэл хийгээд агуу нь гэгддэг кино урлаг, энтертайнмент салбарыг мэргэжлийн кино продюсергүйгээр төсөөлшгүй. Кино бүтээх бүтээлч үйл ажиллагааг анхны санаа төдийхнөөс үзэгчдийн хүртээл болгон бүрэн дуусгах хүртэлх бүх үе шатыг эхлүүлэгч бас төгсгөгч кино продюсер болох чин хүсэлтэй хүн бүхэн анхаарлаа хандуулна уу.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монголын кино институт, IFI Production хамтран хэрэгжүүлж буй “Бүтээлч продюсерын сургалт”-д богино болон бүрэн хэмжээний кино төсөл эхлүүлж буй продюсеруудыг бүртгүүлэхийг уриалж байна. Продюсероор ажилладаг болон продюсероор ажиллах сонирхолтой хэн ч болов уг сургалтын сонгон шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой юм.

2021 оны 11 сарын 16-20-ны хооронд зохиогдох “Creative Producing Lab” 5 хоногийн сургалтыг Монголын продюсер С.Уран (IFI Production), Францын продюсер Изабель Глашан (Chinese Shadows) нар удирдан багшилна. Уг сургалт нь залуу продюсеруудыг сонгон шалгаруулж ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хүрээнд танигдах боломжоор хангах зорилготой юм.

  1. Бүртгэл
    1. Бүртгэл 2021 оны 9 сарын 30-ны 23:59 цагт дуусгавар болно.
    1. Бүртгэл болон сургалт нь үнэ төлбөргүй
    1. Бүртгүүлсэн төслүүдээс уг сургалтад тодорхой тооны продюсерыг сонгон шалгаруулж авна.
  • Шаардлага
    • Продюсер нь 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.
    • Продюсер өөрийн удирдах төсөлдөө зохиолч эсвэл найруулагчийн аль нэгийг олсон байх шаардлагатай. Гэхдээ шалгарсан төслийн зөвхөн продюсер сургалтад хамрагдана.
    • Продюсер нь зөвхөн ганцаараа хариуцсан төслөө илгээх ба 3-с дээшгүй төсөл илгээж болно.
    • Продюсер өөрөө кино төслийн зохиолч байх боломжгүй.
    • Ямар ч жанр, хэлбэрийн кино төсөл байх боломжтой.
  • Шаардагдах материал
    • Бүрэн хэмжээний болон богино хэмжээний кино төслийн зохиолын тойм (synopsis) бэлэн байх (300-700 үг). Шалгарсан тохиолдолд хураангуй зохиол (treatment) шаардана (5-10 хуудас).
    • Энэхүү төслийг удирдах болсон шалтгаанаа тайлбарласан продюсерын захиа бэлэн байх (300-700 үг).
    • Продюсерын CV.
  • Шагнал
    • Уг сургалтын эцэст нэг төслийг шалгаруулж Cineplus ХХК-ийн гэрэлтүүлгийн сет түрээсийн эрхийн 4,500,000 төгрөгний ваучер гардуулах болно.
  • Сонгон шалгаруулалт
    • Хэрвээ таны төсөл шалгарч сургалтад хамрагдахаар болбол бид мэйлээр мэдэгдэх болно.
    • Хэрвээ таны төсөл сургалтад шалгараагүй бол мөн мэйлээр мэдэгдэх болно.
  • Зөвшилцөл
    • Сургалтад бүртгүүлж буй төслөө бүртгүүлэгч өөрөө удирддаг, ямар нэг зохиогчийн эрхийн зөрчилгүй, бүх мэдээлэл үнэн зөв гэдгийг батлан даах шаардлагатай.
    • Сургалтыг зохион байгуулах хороо нь таны төсөл болон мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй. Гэвч төслийн санаа, өрнөл, гол санаа болон бусад элементүүдтэй адил төстэй материалыг бусад уран бүтээлчид бүтээсэн тохиолдолд зохион байгуулах хороо хариуцлага хүлээхгүй. Адил төстэй бүтээл гарсан тохиолдолд санамсаргүй байдлаар давхцсан, бие даан бүтээгдсэн гэдгийг бүртгүүлэгч нь хүлээн зөвшөөрнө.
    • Бүртгүүлэгч нь сургалтыг зохион байгуулах хорооноос аливаа хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхгүй. Үүнд зохиогчийн эрх, барааны тэмдэг, нэр төрийн асуудалтай холбогдолтой өр төлбөр, алдагдал, аливаа зардал (өмгөөлөгчийн төлбөр, шүүхийн зардал болон бусад зардал) зэрэг хохирол багтана.
    • Сургалтыг зохион байгуулах хороо нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас сургалтыг цуцлах эрхтэй.
    • Хэрвээ таны бүртгүүлсэн төсөл сургалтад шалгарвал бүртгүүлэгч та төслөө эргүүлэн татахгүй, дээрх шаардлага болон заалтуудыг хүлээн зөвшөөрч байна гэдгээ батлах юм.

Тодруулах зүйл байвал info@mfi.mn хаягаар асуултаа ирүүлнэ үү.

Та шаардагдах материал хэсэгт дурдсан мэдээллийг бүрдүүлсэн бол дараах холбоосоор хандаж бүртгүүлнэ үү: