Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам 2020: Хүүхдийн хүчирхийллийн эсрэг Milky Way төрөл

Найрамдал ротаракт клуб нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Милки Вей” төслийг 2014 оноос хойш жил бүр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жил бид Монголын кино институттэй хамтран “Алтан өргөө” олон улсын кино наадмын (Хуучнаар Алтан хальс олон улсын кино наадам) нэг төрөл болгон “Милки Вэй” кино уралдаанаа 2020 оны 6 сарын 4-7-ны хооронд онлайнаар зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадамд хэн ч оролцож болох бөгөөд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх, түүнээс гарах үр нөлөөний талаар олон нийтэд мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уриалсан байхаас гадна ухаарал өгсөн, урам хайрласан, эерэг байдлаар киногоо бүтээх шаардлагатай юм.

Хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэх боломж нөхцлийг хэрхэн бууруулах, аз жаргалтай эрүүл харилцаатай гэр бүл ямар байх ёстой вэ гэх мэт асуултуудад хариулт өгөх, олон нийтэд эерэг байдлаар нөлөөлөхүйц бүтээл байвал зохилтой.

Олон судалгаагаар хүчирхийлэл агуулсан контент нь хүмүүст түрэмгий зан үйл бий болохтой тодорхой хэмжээгээр холбоо хамааралтай болох нь тогтоогдсон. Тиймээс уг төслийн гол зорилго нь олон нийтэд хүчирхийлэл харуулахаас илүүтэй эерэг, зөв хандлага бүхий харилцааг сурталчилах юм.

Бүтээлийг 2020 оны 5 сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авах бөгөөд дараах холбоосоор удирдамж болон бүртгэлийн хуудастай танилцана уу.

https://www.mfi.mn/submission/mongolian-submission

Тоо баримтууд

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт оюун санааны, эдийн засгийн, бие мах бодийн болон бэлгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийлэл багтдаг. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл манай улсад түгээмэл. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь бие мах бодийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 50 гаруй хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундаа нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 5-7 хувийг эмэгтэй хүн үйлддэг. Үлдсэн 90 гаруй хувийг эрчүүд эзэлдэг.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 985 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэрэг. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 7.9 хувиар буурсан үзүүлэлт. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 93.6 хувь нь хөнгөн, 6.4 хувь нь хүнд хэлбэрээр үйлдэгдсэн байна. Харин 50.2 хувь нь Улаанбаатарт, 49.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Мөн цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд 2.1 сая орчим зөрчил бүртгэгдсэний 8962 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байдаг. Энэ хүрээнд зөрчил гаргасан 6400 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан. 

2019 онд гэр бүлийн хүчирхийлэлд 894 иргэн өртөж, хохирсны 89 хувь нь эмэгтэйчүүд, 7.7 хувь нь хүүхэд байна. Харин энэ төрлийн гэмт хэргийн улмаас  найман хүн амиа алдаж, 732 хүн гэмтэж бэртсэн. Мөн 599 сая гаруй төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байдаг. 

Энэ оны эхний хоёр сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 170 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс харахад, энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар буурсан байна. Харин зөрчил нэмэгдсэн. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн 1911 зөрчил шалгагдсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.7 хувиар өссөн байна. Үүнээс гадна энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт 89.1 хувиар өссөн. Мөн зөрчил гаргасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1263 хүнд шүүхээр баривчлах шийтгэл ногдуулсан. 

Гэхдээ үүнийг буурсан гэж бодож болохгүй. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурч байна гэдэг нь далд байдал руугаа шилжиж буйн нэг хэлбэр юм. Улсын хэмжээнд хоногт дунджаар 100-150 хүчирхийллийн дуудлага бүртгэгддэг. Тэгэхээр он гарснаар хоёрхон сарын дотор 1263 хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчилсан байгаа нь бид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, олны анхааралд аваачих шаардлагатай болсон нь харагдаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдийг насны ангиллаар нь аваад үзвэл 25-40 насныхан байна. Харин боловсролын хувьд харилцан адилгүй ойлголт. Хэдийгээр өндөр боловсролтой боловч хүчирхийлэл үйлдсэн хүмүүс ч бий, боловсрол муутай хүн ч хүчирхийлэл үйлдсэн нь бий.  Боловсрол, ажил мэргэжлийн байдал тийм ч чухал биш байгаа нь эндээс харагдаж байна.