9-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам

9th Golden Ger International Film Festival

Монголын кино институт цар тахлын улмаас 9-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмыг 6 сарын 18-20-нд онлайнаар зохион байгуулах гэж байна.

Манай энэ жилийн наадам:

  • Олон улсын уралдаант хэсэг
  • Уралдаант бус хэсэг
  • Бүрэн хэмжээний кино үзвэр
  • Digicon6 кино наадмын 2020 оны ялагчид
  • Монгол кино өв: Баримтат богино кино
  • Монголын паблик медиа арт 2021 үзвэр
  • Бас Стоп Фильмс үзвэр
  • Мастер класс гэсэн хэсгүүдээс бүрдэж байна.

Энэ жилийн нээлтийн киногоор Каннд Монголоос анх удаа шалгарсан богино кино Шилүүс-ийг Монгол үзэгчдэд хүргэх бол бүрэн хэмжээний кино үзвэрт 2020 болон 2021 оны шилдэг кинонуудыг толилуулах юм. Үүн дотор 2020 онд Амстердамын кино наадмаас шилдэг дунд хэмжээний киноны шагналыг хүртсэн Монгол бүтээл Хүрд кино багтана.

Мөн бүрэн хэмжээний кино үзвэр хэсэгт Монголын кино институт Гёте институттэй хамтран Нико, Канадын элчин сайдын яамтай хамтран Олтриг бүтээлүүдийг тус тус хүргэх болно.

Мөн энэ жилээс эхлэн 100 наст эрдэнэ нэрийн доор 100 жилийн өмнө хийгдсэн шилдэг киног хүргэхээр болсон ба 2021 онд 1921 онд хийгдсэн Францын импрессионист кино урлагийн тод жишээ Эль Дорадо киног Монгол-Францын төвтэй хамтран хүргэх юм.

Энэ жил Монгол уралдаант хэсэг хэдий байхгүй ч олон улсын уралдаант хэсэгт 321 бүтээлээс шилж сонгосон 16 богино кино хүрэх болно.

Монгол кино өв: Богино баримтат кино хэсэгт Монголын кино институт нь Архивын ерөнхий газартай хамтран 1990 оноос өмнө хийгдсэн шилдэг богино баримтат кинонуудыг хүргэх бол Монголын урлагийн зөвлөлтэй хамтарсан Бас Стоп Фильмс үзвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан богино кинонуудыг хүргэх юм.

6 сарын 18-нд Хүрд киноны найруулагч Л.Номин наадмын Facebook хуудас болох fb.com/GGIFFest дээр шууд хэлэлцүүлэг өрнүүлэх болно. Мөн Герман найруулагч Элине Геринг болон Канад найруулагч Феликс Дюфур-Лаперрьер нарын онлайн Мастер Классуудыг наадмын Facebook хуудас дээр 6 сарын 19 болон 20-ны өдрүүдэд тус тус шууд дамжуулах болно.

Наадмын төгсгөлд буюу 6 сарын 20-нд олон улсын уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүдийн шилдгүүдийг шалгаруулах юм.

6 сарын 18-20-нд наадмын бүхий л хөтөлбөрийг LookTV-гийн кино сангаас үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой.

уралдаант бус хэсэг
бүрэн хэмжээний кино үзвэр