8-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам

8th Golden Ger International Film Festival

Монголын кино институт цар тахлын улмаас 8-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмыг энэ жил 6 сарын 4-7-нд цахимаар буюу Skymedia, SkyGo платформууд дээр үнэ төлбөргүй зохиох гэж байна.

Манай энэ жилийн наадам Монгол уралдаант хэсэг, олон улсын уралдаант хэсэг, бүрэн хэмжээний кино үзвэр, онцлох уран бүтээлч, уралдаант бус хэсэг, Мастер классаас бүрдэж байна.

Энэ жил Канадын нэрт найруулагч Атом Эгоян онлайн Мастер Классыг наадмын Facebook хуудас болох fb.com/GGIFFest дээр шууд дамжуулах болно.

Бүрэн хэмжээний кино үзвэрт Локарно, Бусан, Торонто, Везул зэрэг кино наадамд шалгарч байсан шилдэг кинонуудыг толилуулах бол олон улсын уралдаант хэсэгт 558 бүтээлээс шилж сонгосон 30 богино кино, Монгол уралдаант хэсэгт 28 бүтээлээс сонгогдсон 14 киног хүргэх болно.

Эдгээр олон улсын болон Монгол бүтээлүүдийг салбартаа танигдсан Монгол болон олон улсын уран бүтээлчид шүүж цэгнэсэн юм.

Манай наадмын уралдаант хэсгийн аливаа нэг төрөлд доод тал нь 3 бүтээл шалгарсан байвал тухайн төрөлд нь шагнал өгдөг журамтай билээ. Гэхдээ уралдаант хэсэгт шалгарсан л бол дээд шагналын төлөө өрсөлддөг. Наадмын төгсгөлд буюу 6 сарын 7-нд энэ цаг үед уран бүтээлчдээ жаахан ч гэсэн дэмнэх үүднээс дараах шагналуудыг олгоно.

  • Дээд шагнал (1,000,000 ₮ + Cineplus компанийн 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй мэргэжлийн гэрэлтүүлгийн хэрэгслийн сет 5 хоногийн түрээсийн эрх)
  • Шилдэг Монгол хүүрнэлт кино (400.000 ₮)
  • Шилдэг олон улсын хүүрнэлт кино (300.000 ₮)
  • Шилдэг Монгол баримтат кино (400.000 ₮)
  • Шилдэг олон улсын баримтат кино (300.000 ₮)
  • Шилдэг Монгол хүүхэлдэйн кино төрөлд уралдаант хэсэгт 1 бүтээл шалгарсан тул шагнал олгохгүй.
  • Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино (300.000 ₮)
  • Шилдэг Монгол эксперименталь кино (400.000 ₮)
  • Шилдэг олон улсын эксперименталь кино (300.000 ₮)
  • Хүүхдийн хүчирхийллийн эсрэг Milky Way төрөлд уралдаант хэсэгт 1 бүтээл шалгарсан тул шагнал олгохгүй.