Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам

English

Богино хэмжээний кино уралдаант хэсэгтэй Монголын хамгийн том кино наадам

Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмыг (Golden Ger International Film Festival – GGIFF) буюу хуучнаар Алтан хальс олон улсын кино наадмыг 2013 онд өнөөгийн Монголын кино институтийн дэд тэргүүн Ш.Ихбаяр Монголын андерграунд кино уралдаан нэрээр уг наадмыг санаачлан хэрэгжүүлж байв. Түүнээс хойших 8 жилд Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам төлөвшиж одоогоор Монголын хоёр дахь том кино наадам болоод буй.

Наадам

Өргөө гэр нь Монголын нүүдлийн соёл иргэншлийг илэрхийлэгч агаад Монголын кино урлагийн чухал бэлгэдэл болох боломжтой юм. Мөн Монголын кино урлагийн түүхнээ мөнхлөгдсөн “Алтан өргөө” кинонд хүндлэл үзүүлэн Монголын кино институт кино наадмынхаа нэрийг өөрчилсөн билээ.

Кино наадам маань ихэвчлэн уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, Мастер класс, бүрэн хэмжээний киноны үзвэр, хэлэлцүүлэг, сургалт зэрэг хэсгүүдээс бүрддэг. 2013-2019 онд нийт 65 гаруй орны 2000 гаруй олон улсын болон Монгол богино бүтээлүүд бүртгэн авч тэндээс 222 нь уралдаант хэсэгт сонгогдож 51 нь манай кино наадмаас шагнал хүртэж байв.

Зорилго

Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам нь Монголын кино урлагт шинэ уур амьсгал болсон шинэ давлагааг түүчээлэх эрхэм зорилгын хүрээнд:

  • Монголын кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх, бага зардлаар шилдэг кино хийх хүсэл эрмэлзлийг өрдөх
  • Монголын болон олон улсын мэргэжлийн уран бүтээлчдийн дунд гүүр болох 
  • Дотоодын шилдэг кино бүтээлийг олон улсад сурталчлах, олон улсын шилдэг киног олон нийтэд таниулах
  • Кино хорхойтон олон нийтийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх

зорилтуудыг агуулж байна.

Наадмын баг

8-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам 2020 баг

Кино наадмын захирал: Ш.Ихбаяр

Кино наадмын дизайнер, маркетингийн менежер: Б.Мөнхзул

Кино наадмын зохион байгуулалтын багийн гишүүд: Б.Батгэрэл, Б.Энхмаа, Б.Хулан

Кино наадмын сонголтын хороо: Б.Батгэрэл, Б.Дөлгөөн, Д.Энхбаяр, Б.Энхмаа, Б.Ундрам, С.Батзориг, Б.Амар, Д.Мөнххишиг, Х.Есөнчулуу

Өмнөх жилүүдийн хүндэт зочид

Манай кино наадмын өмнөх жилүүдийн хүндэт зочид гэвэл Алтан бөмбөрцөг, Алтан баавгайн шагналт Герман найруулагч Фатих Акин; Алтан баавгайн шагналт Хятад найруулагч Ван Чюанань, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Каннын кино наадмын шагналт Австрийн найруулагч Петер Черкасски, Америкийн найруулагч Ив Хеллер, Каннын кино наадамд сонгогдож байсан Сингапурын кино найруулагч Ү Жүнь Фөн, Польшийн кино зураглаач Артур Журавски; Хятадын продюсер Жан Шянминь; Оросын найруулагч Элла Манжеева; Германы найруулагч Юлиан Радлмайер болон Бусаны кино наадмын хөтөлбөр боловсруулагч асан Ким Ён-ү, Брисбений кино наадмын захирал асан Максин Уильямсон, Оксфордын оюутны кино наадмын захирал Бернадетт Шрамм зэрэг мэргэжилтнүүдийг дурдаж болно. Эдгээр зочид манай кино наадмаар сургалт лекц хийгээд зогсохгүй шүүгчээр ажиллаж байв.