Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам 2020 – Атом Эгояны Мастер Класс

2020 оны 6 сарын 6

20:00 Атом Эгоян Онлайн Мастер Класс: Канадын нэр хүндтэй найруулагч Атом Эгоян өөрийн карьер болон богино кино хийх талаар яриа хийнэ. (fb.com/GGIFFest наадмын page дээр)


Атом Эгоян бол Канадын хамгийн нэр хүндтэй найруулагчдын нэг юм. Армян гаралтай тэрээр Канадын одонгоор (Order of Canada) шагнуулснаас гадна Канадын дэлгэцийн урлагийн хамгийн дээд шагнал Захирагч Генералын Тайз, Дэлгэцийн Урлагийн шагналаар шагнуулсан байна.

Атом 1994 онд Экзотика хэмээх эротик триллер киногоороо олон улсад анх танигдсан ба Цаашдын жаргал (Sweet Hereafter, 1997) киногоороо кино урлагийн түүхнээ ур авьяасаа тамгалсан юм.

Түүний бүтээлүүд ихэвчлэн хүний нийгмийн хөндийрөл, хувь хүний салан тусгаарлалтыг хөнддөг ба дүрүүд нь технологи, хүнд суртал, бусад хүчний бүтцээр дамжуулан хоорондоо харилцах нь их. Мөн бүтцийн хувьд голцуу шугаман бус хүүрнэлтэй байдаг.

Тэрээр 1980-аад оны сүүл үеэр Торонтогоос хүч түрэн гарч ирсэн найруулагчид буюу Торонтогийн шинэ давлагаа гэгдэж байсан уран бүтээлчдийн хамгийн алдартай нь юм.

Экзотика нь Торонтод орших “Экзотика” нэрт шөнийн цэнгээний газарт огтлолцох хэд хэдэн дүрүүдийн амьдрал хэрхэн эргэж, хэрхэн катарсис мэдрэх нь киноны ухармал хүүрнэлээр илэрхийлэгдэнэ. Уг кино Каннын кино наадмаас Олон улсын шүүмжлэгчдийн холбооны шагнал хүртсэн ба Канадын кино урлагийн академийн 8 Жини шагнал хүртсэн байна.

Цаашдын жаргал нь хэд хэдэн хүүхдийн аминд хүрсэн автобусны ослоос үүдэлтэй жижиг хотынхны гашуудлын талаар өгүүлэх Расселл Бэнксийн романы дэлгэцийн хувилбар аж. 1997 оны Каннын кино наадмын шүүгчдийн дээд шагнал, 7 Жини шагнал, шилдэг найруулагч, шилдэг зохиол гэсэн 2 төрлөөр Оскарт нэр дэвшсэн юм. Мөн Торонтогийн кино наадмын шүүмжлэгчид 2015 онд уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг Канад 10 киноны 3-т жагсаасан байдаг.

Урын сан
  • Ойрын хамаатан (1984)
  • Экзотика (1994)
  • Цаашдын жаргал (1997)
  • Арарат (2002)
  • Бишрэл (2008)
  • Олзлогдогсод (2014)